Thursday, March 29, 2012
Таж махал
Энэхүү гайхамшигт бүтээл нь Энэтхэг улсын нийслэл Дели хотоос урагш 210км зайд орших Агра хэмээх хотод байрлана. Хот гадаадаас ирэх жуулчид төдийгүй Таж Махалыг үзэх гэж алс холоос зорин ирэх өөрийнх нь иргэдээр дүүрэн хөл хөдөлгөөн ихтэй. Энэтхэгийн аль ч хотод элбэг тааралдах "Скүүтэр" хэмээн нэрлэгдэх 3 дугуйтай жижиг бүхээг бүхий моторт тэрэгнүүд хөлхөлдөж, энд тэндгүй халуун орны хачин сонин жимс зарсан хүмүүс энийг ав тэрийг ав гэж англиар хашгиралдана.
Өдгөө дэлхийн долоон гайхамшигт багтаж байгаа энэ бүтээл нь 5 дугаар Мухгалын эзэнт гүрний хаан Шах Жахан (Shah Jahan) болон Мумтаз Махал гэдэг нэрээр олонд алдаршсан Маслим Персийн гүнж Аржунад Бану Бэгам (Arjumand Banu Begam) нарын хайр дурлалын бэлэг тэмдэг юм.
Мумтаз Махал нь Шах Жахан хааны 2 дахь эхнэр ба 1631 онд 39 насандаа 14 дэх хүүхдээ түрүүлээд нас баржээ. Тэр үед хаан маш ихээр эмгэнэн гашуудан шаналж, хэдхэн сарын дотор үс сахал нь цал буурал болсон байна. Ингээд хаан өөрийн хамгийн хайртай хатаныхаа дурсгалд зориулан Дели, Кануж, Лахора, Мултан, Шираз, Багдад, Бухар зэрэг хотуудаас хамгийн шилдэг уран барилгачидыг цуглуулан цагаан гантиг чулуугаар гайхамшигт бунханг бариулсан нь энэ билээ.
Барилгын ажил 1631 онд эхэлсэн ба 20,000 хүн 22 жилийн турш хөдөлмөрлөн хааны хүслийг биелүүлжээ. Бунханг барихад шаардагдах материалыг 1000 гаруй заанд ачин төв ази болон энэтхэгийн өнцөг булан бүрээс тээвэрлэн авчирна. 1953 онд барилгын бүх ажил дууссан ба тэр үеийн ханшаар нийт 32 сая рупи буюу ойролцоогоор 68000 доллар зарцуулжээ.
Таж Махал (Хинди хэл: ताज महल; Перс хэл/Урду хэл: تاج محل) нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.
Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Цасан цагаан гантигаар бүтээгдсэн бөмбөгөр орой нь Таж Махалын цогцолбор байгууламжын хамгийн алдартай нь юм. Мянга мянган уран дархан, гар урлалчдын хүч хөдөлмөр шингэсэн Таж Махал нь 1632 оны орчимд баригдан эхэлж, 1653 оны орчимд дуусчээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Там Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг.
Таж Махалыг ертөнцөд дахин давтагдахгүй бүтээл болгохын тулд газар газраас авчирсан урчуудыг сүмийг барьж дуусахад нь их цайллага хийж, тэр цайллага дээр гары нь тас цавчсан гэдэг домог байдаг. Таж Махалын сүмийн оройгоос хатны магнай дээрх очир алмасанд өдөр нарны гэрэл, шөнө сарны гэрэл тусч тал тал тийш гэрэл цацарч байхаар зохион бүтээхийг хүсчээ. Удаан үргэлжилсэн ажил дууссан уу гэхэд урчууд эзэн хаанд ялихгүй юм үлдсэн учраас "дууссан" гэж хэлсэн аж. Нэгэнт дууссан гэсэн учраас хаан урчуудын гарыг тасдах тушаал буулгахад урчууд зөвхөн хатны магнай дээр тусах тусгалын хийц дутуу байгааг хэлэхэд амиа хамгаалахын тулд худал хэлж байна хэмээн санаад тэдний гарыг тасдаж, архитекторын нүдийг сохолсон гэдэг. Тиймээс Тажмахалын оройгоос нарны гэрэл тусах бус борооны ус нулимс мэт дусалдаг болсон гэдэг домог байдаг юм. Энэ домгоор бичсэн "Таж Махалын нулимс" гэдэг өгүүллэг байдаг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment